Ц.Оюунгэрэл “ Би үндэсний бичгээ л сайн сурах байж”

G E G E E G O
3 min readSep 25, 2020

--

Сайн байна уу өөрийгөө танилцуулаач?

Намайг Цэдэвдамбын Оюунгэрэл гэдэг. Би хоёр сайхан хүүхдийн ээж бас эмээ. Ногоон нүдэн лам, Жаран цагаан хонь номуудыг зохиосон. Сургуулиа төгсөж буй төгсөгчдөд зориулан “ Америкт суралцсан тэмдэглэл” номыг бичсэн.

Одоогоор ямар ажилдаа түлхүү анхаарч байгаа вэ?

Жорлонгоо өөрчилье төсөл дөө бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Танд өсвөр насандаа “Хийх байж дээ” гэж харамсаж явдаг зүйл бий юу?

Үндэсний бичгээ л сайн сурах байж дээ гэж харамсдаг. Ууг нь 6–8 р ангийн анги даасан багш маань үндэсний бичгээр маш сайхан бичдэг монгол хэлний багш байсан. Тийм сайхан багш дахиж олдоогүй. Тэр сайхан боломжийг алдсандаа харамсаж явдаг даа.

Орчин үеийн өсвөр насныханд ямар давуу болон сул тал байгаа юм шиг санагддаг вэ?

Одооний хүүхдүүд маш их мэдээлэл дунд өсөж хөгжиж байна. Энэ нь давуу тал ч болно мөн сул тал ч болдог байх. Их мэдээлэл дундаас юу хүссэнээ сурах боломжтой хэдий ч чухал зүйлээ ялган авч төвлөрөхөд хэцүү байгаа байх гэж харагддаг. Нэг зүйлдээ төвлөрч хөгжих тал дээр суралцах хэрэгтэй.

Өсвөр насныхныг ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

Ээж, аав, ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй байж сураасай гэж боддог. Эмээ өвөөгийнхөө намтар түүхийг сайн тэмдэглэж аваасай, эргэн тойрныхоо ургамал, амьтан, байгалийн тогтоц, үзэгдэл, барааны үнэ, түүх дурсгалын зүйлсийн тухай бичиж тэмдэглэж авч байвал хожим нь чухал хэрэгтэй баримт болдог юм билээ. Би багадаа навч цэцэг хатааж цуглуулдаг байсан ч өвөө эмээгээрээ нэрийг нь хэлүүлж тэмдэглэж байгаагүйдээ харамсдаг. Гэтэл ээж маань багадаа маш их тэмдэглэл хөтөлж үлдээсэн байдаг, тэр нь надад одоо зохиол бичихэд ихээхэн хэрэг болдог шүү. Дүгнээд хэлэхэд ерөнхийдөө маш сониуч байгаарай, тэмдэглэл хөтөлж байгаарай гэмээр байна.

Та хүүхдүүдээ өсвөр насны хүнд хэцүү асуудлаа давж туулахад нь хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлдэг байсан бэ?

Хүүхдүүдтэйгээ хааяа хааяа найз шиг ярилцаж бүх л асуудалд нь зөвлөгөө өгдөг байсан. Сонсох дуртай хөгжмийг нь сонсож тэднээс суралцаж хамт хөгжих дуртай байсан шүү.

Бидний эцэг, эхчүүд хүүхдэдээ юуг зааж сургаж төлөвшүүлэх нь чухал юм бол?

Сахилга бат, шударга зан чанар, хариуцлага хүлээх чадварыг төлөвшүүлэх хэрэгтэй. Нэг ажлыг дуустал нь хийх тэвчээр, хийж буй ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадах чадварыг суулгавал их сайн. Ийм чадвартай хүмүүс ямар ч үед амжилтад хүрч чаддаг. Харин хийж буй ажлаа бүтээлчээр өөрчлөн сэтгэж хийх зэргийг хүүхэд өөрөө эзэмшвэл зүгээр. Эцэг эх бол уран зөгнөл, уран бүтээлийг ихэвчлэн боомилох талдаа байдаг. Хөгжүүлж байгаа нь энэ гээд “хайрцаглах” нь аюултай. Иймд хүүхэд өөрөө сэтгэн бодож бүтээлч болох хэрэгтэй.

Эцэст нь манай уншигчдад хандаж хэлэх үг байгаа болов уу?

Сониуч зангаа хэзээ ч битгий гээгээрэй, үргэлж суралцаж байгаарай л гэж хэлье.

  • Instagram:- @oyungerel_tsedevdamba

Нэрэлхэлгүй, өөрийн цаг заваасаа зарцуулж ярилцлага өгсөнд үнэхээр их баярлалаа. Мөн энэ хүртэл уншсан уншигчдад маань ч хүртээмжтэй, ашигтай мэдээлэл өгч чадсан байх хэмээн найдаж байна.

Анхаарал хандуулан уншсан явдалд Denkyuu💞

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

Responses (1)