Охин хүүхэд гэдэг нь…

G E G E E G O
4 min readFeb 13, 2023

--

Удаан хугацаанд бичвэрээрээ уулзсангүй ээ. Үүнийг уншиж байгаа өглөө, өдөр, оройн магадгүй шөнийн мэнд. Энэхүү бичвэрээ ирээдүй дэх өөртөө зориулан ээж, эмээгийнхээ хэлж байсан үгсийг бичиж үлдээв.

Эмээ хэлэхдээ…

Миний охин нялх байсан эмээгээ тэр битгий хэл ээжийгээ танихааргүй нялх үр хөөрхий эмгэн миний хань болох гэж ирж билээ.Эхээс төрөөд 2 хон сар болсон чамайг уйлах үед яаж аргадах, инээх үед нь яаж эрхлүүлэх ёстой байдгийг ч мартаж орхиж…Харах тоолонд хайр хүрч үйлдэл бүр нь сонирхол татдаг байсан миний жаахан охин. Хэчнээн уйлсан ч эмээгийнхээ ямар ч сүүгүй, насны эрхэнд унжсан хөхийг минь улаан нялга болтол нь сорсоор тайвширдаг сан.

Жаахан би залуухан Тунгалаг гуай

Чамайг том болох тоолонд сургууль орохыг нь харж чадах болов уу гэж санаагаа их чилээж урт наслахын тулд өөртөө их л анхаардаг байлаа.Хүн гэдэг их шуналтай юм одоо чамайгаа оюутан болж хүнтэй сууж хүүхэд гаргахыг нь хармаар байна.Хүүхэд төрүүлэх хэцүү шүү хэзээ ч амархан байхгүй байх чи минь бага өвдөөсэй бага шаналаасай…Өвдөхийг нь харж чадахгүй шүү эмээ нь. Ганц удаа алгадчихаад өөртөө хэчнээн гэмшиж байснаа ч би одоо хүртэл санадаг.Миний охины жаахан даа ЭМЭЭ гэхэд ордог Э үсэг нааж өгсөн аягийг эмээ нь нандигнан хадгалж байсан ч ах нь хагалчихсан байна лээ эмээдээ дахиад нааж өгөөрэй.

Охин минь чамд өөрөөсөө илүү хайртай хүнтэй л суугаарай хөгширсөн чавганц надад ингэж хэлэх эрх байгаа эсэхийг мэдэхгүй ч хайр бол хамгийн чухал чамд хайртай чамайг мартдаггүй, алдаа оноотой бүгдийг нь хайрладаг хүнтэй л суу. Магадгүй эмээ нь энэ хорвоог орхин одоход эмээгийнх нь хайрыг нөхөх тийм хүнтэй. Хорвоогийн жам шүү дээ чи минь намайг мөнх юм шиг санаж байгаа даа…Үхэх сэхэхийн тухай яриа эхлүүлэхэд миний охин уцаарлангуй “юу балайраад байгаа юм” гэдэг дээ…эмээ нь удахгүй холын аянд мордох үе ирэхэд чамайгаа яаж шаналахыг гадарлаж л байна.Тэрийг чинь харах эмээгийнх нь сэтгэл ч ямар байх бол доо… Эцэст нь миний шар хүүхэн сайхан л амьдраасай баян цатгалан биш ч аз жаргалтай л амьдраасай…

Том болж буй Гэгээнэ миний хөөрхөн эмээ

Ээж хэлэхдээ…

Миний охин… эцсийн эцэст энэ улиг болсон яриа гэдгийг мэдэж байгаа ч эмэгтэй хүн гэдэг бол услагдах тусам ургадаг цэцэг шиг л хүмүүс юм билээ.Чиний юм тэр хүнийх, тэр хүний юм чинийх байдаг.Хэн хэнийгээ харь элгийн хүн гэж харж байгаа хүнтэй хэзээ ч битгий дотнос, эцэстээ чамайг хайрлах биш магадгүй чамайг ашиглах гэж байж мэднэ шүү. Ядаж чиний төрсөн өдрөөр бэлэг биш юм аа гэхэд гарын хоолоо хийгээд өгчихдөг. Болзоо төлөвлөөд авч гардаг тийм хүн. Чамайг ямар сонголт хийхийг мэдэхгүй байгаа ч ээж нь бол чамайг өөрт чинь хайртай тэр хэрээрээ өөрийгөө хайрладаг, амьдарлаа төлөвлөж чаддаг хүсэл эрмэлзэлтэй хүнтэй суугаасай л гэж хүснэ.

Магадгүй чи минь хэтэрхий хатуу хүн болоод хүмүүжчихсэн байх вий гэж их санаа зовох юм заримдаа, чамд гар хүрдэг байсан үеүд амжилтыг чинь харж магтахгүй атлаа алдааг чинь харж зэмлэдэг байсан тэр мөчүүдээ санах тоолондоо гэмшдэг ч байнга энэ алдаагаа давтаад байгаа аав ээжийгээ уучилна биз дээ… Чи заримдаа аав ээжтэйгээ дөрвөн ханатай гэрт амьдардаг байсан үеэ дурсдаг. Чиний хувьд хамгийн жаргалтай үе байсан мэт инээмсэглэж ирээд л аавтайгаа унины завсар хөнжил хавчуулаад майхан барьж айл гэрдэн тоглодог байснаа, хоёрхон жижиг сандал нийлүүлээд унтдаг байснаа, ээжтэйгээ цагаан сарын их цэвэрлэгээ хийдэг байснаа дурсдаг.Тэр үед аав ээж хоёр нь их л санаа зовдог байж билээ өглөө охин минь сэрээд даарчих вий, нүүрс байгаа бил үү, ханиад томуу хүрчихвэл эм авч өгөх боломжтой бил үү гээд л ээж нь нарийн боовны цехэд өглөөний, шөнийн дахиад өглөөний ээлжинд гардаг байсан ч ядраагүй юм шиг л охиныгоо үүрээд гэрийн дээшээ алхдаг байж дээ унааны мөнгөгүй болохоороо л тэр шүү дээ.Миний охин тэрийг ч ойлгохгүй ээждээ үүрүүлж байна гээд инээгээд шүлгээ уншаад явдаг сан.Аав нь хөдөө сар, сараар ажилд яваад ирнэ.

Аав ээж хоёр нь бүхнийг тэгээс эхэлсэн хэн маань ч дээд боловсролгүй мөртлөө л амьдралыг айлын хажуу өрөө, дөрвөн ханатай цаваггүй гэр, өвлийн хүйтэнд барьсан жижиг байшин, тэгээд одоо амьдарч байгаа байр, байшин гээд өдийг хүртэлх хугацаанд бүхий л зүйлийг тэгээс шат шатаар ахиулсаар өдийг хүрээд байна. Бидний хичээх шалтгаан дүү та хоёр чинь л байсан тэр тусмаа миний охин бүхнийг хажуугаас нь харж, гунигтай үед хамт уйлж, жаргалтай үед хамт инээж хүний хүүхдээс дутаачихгүй юм гэсэндээ боловсролтой хүн болоосой гэсэн дээ чинийхээ төлөө хичээж байсан хичээсээр ч байна ээж нь…Өдийг хүртэл эрүүл саруул өсөн торниж байгаа охиндоо баярлалаа…

Энэ хүртэл уншсанд бас уншаагүйд баярлалаа…

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

No responses yet