Аавын нялх охин

G E G E E G O
2 min readOct 8, 2023

--

Удаан хугацаанд бичвэрээрээ уулзацгаасангүй шүү.Энэхүү блогийг уншиж байгаа өглөө, өдөр, орой магадгүй шөнийн мэнд.Өмнөх удаад эмээ, ээж хоёртоо бас өөртөө зориулж бичвэр бичиж байсан харин одоо ААВ-даа хэзээ ч намайг том болгодоггүй хайртай залуудаа зориулаад бичихээр шийдлээ.

Аав бид хоёр аавыг 21 тэй байхад анх уулзаж байсан.Ээж минь төрж эмнэлгээс гарсны дараа гэрийн хаалганы гадаа намайг уйлахыг сонсоод айсандаа үүднээсээ буцаж байсан гэж эмээ одоо хүртэл аавыг шоолдог.Сүүлд асуухнээ бүхэл бүтэн хүн өсгөнө гэдэг том хариуцлагаас аав нь айсан байх гэж хариулж билээ.

“Охин минь хэзээ том болж ааваасаа будаг нэхэх бол хэзээ хүнтэй суух бол, удахгүй найз залуу гээд гүйж байх байхдаа”

Бага байхад хиймээр байгаа бүх зүйлийг минь зөвшөөрнө, авмаар байгаа бүхнийг л авч өгнө.Хөдөө ажлаар явсан аавыгаа санасандаа чихмэл тоглоомд цамцыг нь өмсгөөд тэврээд унтдаг байж билээ. Хөдөөнөөс ирэхээрээ надад амттан авч ирнэ тэр хүртэл ээжийнхээ сайн охин байх хэрэгтэй гээд л ээжээс хэр бараг юм нэхдэггүй байсан.

Төдийгөөс өдий хүртэл аав л намайг хангалттай хамгаалж байгаа.Гадуур яваад оройтвол ардаас залгаад л яг хартай нөхөр шиг, өглөө яараад хоолоо бэлдэж амжихааргүй бол аав надаас эрт сэрээд өглөөний цай бэлдэж өгдөг, ээждээ загнуулаад гомдож уйлахаар бол аавынхаа өвөрт ороод хэвтчихдэг байсан сан. Нулимс урсаад аавын гарыг норгож байсан ч аав юу ч хэлэлгүй тас тэврээд унтуулчихдаг.Уйлмаар үедээ, өвдсөн үедээ аавыгаа л дуудаж орилдог би эрхлэх гэдэг зүйлийг энэ хүнээс л сурч байлаа даа.

Одоо ч намайг том болсон гэж хардаггүй энэ залуу намайг хамгаалсаар байдаг.

“Хурдан хүнтэй суугаад яваач, хүний хүн болохоор болчхоод ” гээд байнга л шоглодог ч өглөө болгон тэвэрч нэг бол үнсэж “Сайхан үр минь сэр” гээд сэрээж өгдөг миний аав.

Ядарсан үед “нүд мүд нь таг гархилчхаад” гээд загнаж халамжилдаг аав.

Яг аав шиг минь намайг эрхлүүлж, хайрлаж өгдөг хүн

Одоо эндээс харахад намайг өлсгөхгүй, дааруулахгүй гэсэндээ аав, ээж хоёр минь яаж хичээдэг байсныг бодоход үнэхээр сэтгэл өвддөг. Жаахан байсан би юу ч мэдэлгүй уйлж, өвдөж яг эд хүсэл мөрөөдөл нь цэцэглэж, дэлбээлэх байсан насан дээр нь их зовоосон ч юм шиг санагддаг түүндээ их гэмшдэг.Гэвч хариуцлагаа хүлээгээд гэр бүлээ хадгалаад өдийг хүртэл хамгаалж намайг өсгөсөн тэднээрээ үнэхээр бахархдаг.

Хүн хамгийн хайртай хүмүүсдээ ХАЙРТАЙ ШҮҮ гэдэг үгийг төдийлөн хэлж чаддагүй гэдэгдээ харин оронд нь үйлдлээрээ илэрхийлдэг. Би хайрлагдаж өссөн, харин одоо миний хайрлаж халамжлах ээлж ирсэн мэт санагдаж байна даа. Охин нь том болж л байгаа юм байх даа.

Эрдэнэт хот 2010 он

Анхаарал хандуулан уншсанд бас уншаагүйд баярлалаа.

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

No responses yet